Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Лаос, Монголд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-11 10:40:44

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Ан-Ке ирэх долоо хоногт Лаос, Монголд таван өдрийн айлчлал хийж, тус хоёр улсын Ерөнхий сайд болон албаны бусад хүнтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдэв.

БНСУ-Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Хван Ан-Ке Лаост ням гарагт айлчлах ажээ.

1975 онд Лаос коммунист дэглэмтэй болсонтой холбогдуулан хоёр улсын харилцаа муудсан байна. Гэвч 1995 онд хоёр улс харилцаагаа дахин сэргээжээ.

Лаост хийх түүний айлчлал ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр Лаосын Ерөнхий сайд Тхонгсинг Тхаммавонг болон тус улсын Ерөнхийлөгч Тюммали Сайнясона нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Лаост усан цахилгаан станц байгуулах төсөлд Өмнөд Солонгосын компаниуд оролцох боломжтой эсэх асуудлаар Хван Ан-Ке хэлэлцэнэ.

Харин тэрбээр Монголд хийх айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, янз бүрийн салбарт, тухайлбал, худалдаа, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ