Хууль боловсруулалтад иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-12 10:17:32

УИХ-ын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ хамтран, НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр болж, өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ, "УИХ-аар Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиуд батлагдаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нөхцөл бүрдэж байна. Энэ хүрээнд “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжих ба орчин үеийн техник технологийн боломжийг ашиглан иргэд хамгийн хялбар аргаар хуулийн төсөлд санал өгдөг болно" гэлээ.

Төслийн хүрээнд гурван үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Тухайлбал платформыг /вэб аппликэйшн/ хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэрэглээг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах гэсэн үйл ажиллагаа хэрэгжих аж.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Б.Туул 

Холбоотой мэдээ