Саудын Араб тэргүүтэй эвслийн төв байрт пуужин тусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-15 08:50:50

САНА. /Xinhua/. Саудын Араб тэргүүтэй эвслийн төв байр луу пуужин харваж, цэргийн 146 албан хаагч, тэдний дотор, цэргийн 2 даргыг устгасан гэж Йемений “Хути” бүлэглэл мэдэгдсэн нь Швейцарь улсад өнөөдөр хийхээр төлөвлөсөн энхийн хэлэлцээний байдлыг хурцатгав.

Йемений баруун өмнөд нутгийн Баб аль-Мандебийн Шиб аль-Жинд байрладаг эвслийн төв байранд пуужин тусч, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын тус бүр нэг командлагчийг устгасан гэж цахим хуудсаараа дамжуулан тус бүлэглэл мэдэгдсэн байна.

Саудын Араб тэргүүтэй эвсэл "Хути” бүлэглэлийн мэдэгдэлд хариу өгч, нотлоогүй боловч, Саудын Арабын хурандаа Абдулла аль-Сагян, Арабын Нэгдсэн Эмирт Улсын офицер Султан аль-Китби нар Йеменд амь үрэгдсэн гэж даваа гарагт мэдэгджээ.

Пуужингийн цохилтын үеэр 3 “Апачи” нисдэг тэргийг устгасан гэж Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадигийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрыг эсэргүүцэгч “Хути” бүлэглэл мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ