УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-15 09:23:33

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын сэдэв батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан сонсохын зэрэгцээ Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг авч хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас “А” танхимд хуралдах бөгөөд Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох хэлэлцүүлгийг хийх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ