Иран НҮБ-ын тогтоолыг зөрчсөн эсэхийг шалгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. НҮБ-ын тогтоолыг Иран зөрчсөн байж болзошгүй тухай мэдээллийг Аюулгүйн зөвлөлийн шинжээчдийн комисс шалгаж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Тегеранд авсан хориг арга хэмжээний асуудал хариуцсан хорооны дарга Роман Марчеси мэдэгдэв.
10 дугаар сарын 10-нд Ираны харвасан 1700 км-ийн тусгалтай “Emad” баллистик пуужингийн туршилтад шинжээчид судалгаа хийж дууслаа гэж Марчеси Аюулгүйн зөвлөлийн тогтмол хуралдааны үеэр мэдэгджээ.
Уг пуужинг харваснаар Иран Аюулгүйн зөвлөлийн 2010 оны 1929 тоот тогтоолын есдүгээр заалтыг зөрчсөн байна гэж шинжээчдийн комисс дүгнэсэн гэж Испаниас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч тэрбээр мэдэгдсэн байна.
Цөмийн зэвсэг нийлүүлэх боломжтой баллистик пуужинтай холбоотой үйл ажиллагаа, тэр дундаа, баллистик пуужингийн технологи ашиглан пуужин харвахыг Иранд хориглосон заалтыг уг тогтоолд оруулжээ.
Мөн уг үйл ажиллагаатай холбоотой техник, технологийн тусламжийг Иранд үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авахыг бусад оронд уг тогтоолоор уриалсан байна.
“Вашингтоны мэдээллээс үзвэл 11 дүгээр сарын 21-нд Иран дахин нэг баллистик пуужин харвасан байна. Уг асуудалд хариу арга хэмжээ авахаар АНУ-ын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна” гэж АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэв.
Д.Нямтулга