Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-16 18:38:07

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа нэр дэвшиж буй Б.Дэлгэрмаа нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна гэдгийг дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэргэжлийн бус, тэр тусмаа суугаа орны хэлний мэдлэггүй хүмүүс Дипломат төлөөлөгчийн газруудад нэлээд байгаа тухай шүүмжлэл байдаг, энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 29 ажилтай, үүнээс 6 нь мэргэжлийн дипломатчид байгаа. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагыг төлөөлдөг ажилтнууд бас ажилладаг. Боловсон хүчний асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд төрийн боддлого гажуудсан тал гарсан байсныг засах арга хэмжээ авч байгаа. Энэ үүднээс төрийн бусад байгууллагаас Элчин сайдын яаманд ажиллах ажилтнуудад тавигдах шаардлагыг журамласан” гэсэн хариулт өгөв.

Мөн энэ гажуудлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаарх нэр дэвшигчийн байр суурийг тодруулахад Элчин сайдад нэр дэвшигч Б.Дэлгэрмаа “Элчин сайдын яамны боловсон хүчний бодлого төвөөс явагддаг, Гадаад хэргийн яам гол томилгоог хийдэг. Хоёр талын эдийн засаг, улс төрийн харилцаанд мэргэжлийн боловсон хүчин чухал үүрэгтэй. Иймээс боловсон хүчний асуудалд Гадаад хэргийн яамтайгаа хамтарч ажиллана” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд ОХУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаад нэлээд хугацаа өнгөрч байгаа тул шинэ Элчин сайдыг яаралтай томилох шаардлагатай байна гээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Б.Дэлгэрмааг Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ