Малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 2 сараар нэмж тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг тус хуулийн төслөөр завсарлага авсан. Өнөөдөр завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн нь энэ юм. Хуулийн төсөлд малчдын ажилласан хугацааг нэмж тооцох, өөрөөр хэлбэл малчнаар нэг жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1 жил 2 сараар тооцохоор тусгасан.
Өнөөгийн түвшинд эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд сайн дураар 181,3 мянган иргэн даатгуулсны 32,7 мянга нь буюу нийт малчдын 11,1 хувь даатгалд хамарчээ. Иймд жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцох хуулийг УИХ өнөөдрийн хуралдаанаараа анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Б.Туул