Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016-2023 онд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-17 17:39:59

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг  өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар уг тогтоолын төслөөр 5 хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхэнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн түвшинд саналаа нэгтгэж байгаа тул дахин 3 хоногийн завсарлага авах хүсэлт илэрхийлсэн ч хуралдааныг даргалагч завсарлагыг сунгах боломжгүй гэдгийг мэдэгдэв.

Тус үндэсний хөтөлбөр нь 2016-2023 он хүртэл  хугацаанд 2 үе шаттай хэрэгжих бөгөөд Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын түвшинд нэр хүндээ өргөх, улмаар  ардчилсан эрх зүйт төр, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийн төр, засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг гол зорилт, зорилгуудын хүрээнд авч хэрэгжүүлэх дараагийн шатны бодлогыг тодорхойлж буй баримт бичиг юм. Хэлэлцэж буй асуудалтай гишүүд асуулт асууж, зарим асуудлыг тодруулсан. Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ