“Өвөрхангайн гоёл” наадмын шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 09:49:01

Өвөрхангай аймгийн “Brilliant” эмэгтэйчүүдийн клубээс хоёр дахь жилдээ “Өвөрхангайн гоёл” наадмыг 12 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Наадамд нийт 6 сумаас загвар зохион бүтээгчид оролцож, үндэсний, авангард, гоёлын гэсэн хувцас гурван загварын төрлөөр өрсөлдсөн юм.

Наадмын гранпри шагналыг үндэсний хувцасны загварын төрөлд Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн загвар зохион бүтээгч н.Долгорсүрэн, н.Золзаяа нар, гоёлын загварын төрөлд тус сургуулийн загвар зохион бүтээгч н.Сэржмядаг, авангард загварын төрөлд Уянга сумын ЕБС-ийн загвар зохион бүтээгч н.Ганчимэг нар тус тус гардан авлаа.

Загвар зохион бүтээгчдийн ур ухаанаа сийлж урласан гоёмсог хувцаснуудыг өмсөж үзэгчдэд танилцуулсан 90 гаруй загвар өмсөгчдөөс Арвайхээр сумын ЕБС-ийн 2 дугаар сургуулийн загвар өмсөгч Н.Тунгалагням шалгарч, оны тэргүүн мисс болсноос гадна “Азийн модель” агентлагийн анхан шатны сургалтад 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэн боллоо. Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр ЕБ-ын 1 дүгээр сургуулийн загвар өмсөгч Билгүүннаран шалгарсан юм.

“Өвөрхангайн гоёл-2016” наадамд сурагчдаа удирдан амжилттай оролцуулсан ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш н.Төрболд, Хужирт сумын ЕБС-ийн багш н.Байгалмаа, Есөнзүйл сумын багш н.Хандмаа нарыг ХГБХХ-ийн  “Хүүхдийн анд” медалаар шагнасан бол “Манлайлагч хүүхэд” шагналаар ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч н.Гүнжинлхам, МСҮТ-ийн сурагч н.Бямбасүрэн нарын таван сурагчыг шагналаа. Түүнчлэн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнан урамшуулсан юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ