Л.Оюун-Эрдэнэ:Хүний амьдрал бол өнгөрсөн цаг хугацаа биш түүн дотор үлдсэн дурсамж юм

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:48:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж төгссөн Харвардын Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцаж, Уурхайн жижиг тосгоноос, ууган намын нөлөө бүхий залуусын түүчээ болж яваа Хэнтий нутгийн унаганхүү АНУ-ын Харвардын Их Сургуулийг Төрийн Удирдлагын магистр “Алсын, Хараа”,“Азийн Хүлэг Улс” номын зохиогч, судлаач Л.Оюун-Эрдэнэтэй хуучлах хоромхон аз надад тохиосон юм. Ингээд уншигч та бүхэндээ энэ эрхэм зочныхоо ярилцлагыг хүргэж байна.

Харвард бол нэр биш харин үйл үг гэдэг үнэн юм билээ

-Харвард Кеннеди сургуулийн талаар яриагаа эхэлье. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сурснаас хойш өөр монгол хүн сурсан гэж сонсогдоогүй. Хоёрдогч хүн нь та боллоо. Тэр нэр хүндтэй том сургуулийн үүд хаалгаар орж эрдэм мэдлэгийн далайгаас амталж сурсан талаараа хуваалцаач?

-Харвард бол Америкийн сургууль гэхээс илүү "Дэлхийн" гэдэг бодлогоо илүү барьдаг юм билээ. Дэлхийн 102 орны 10 гаруй жилийн ажлын туршлагатай төрийн удирдлагууд, АНУ-ын муж бүрээс мөн тийм түвшний улс нийлээд 400 гаруй оюутан нэг анги. Бие биенээсээ суралцах боломж маш өндөр, тэрийг нь ч систем нь дэмждэг. Өдрийн хоол ч зүгээр идэхгүй, хүмүүстэй хамт иднэ. Хичээл бас тийм хялбар биш ээ. "Харвард бол зөвхөн нэр үг биш, харин үйл үг" гэж профессорууд анх ирэхэд хэлж байсан үнэн юм билээ. 300 гаруй хичээлээс 8-9-г нь л судлах боломжтой. Мөн зөвхөн Кеннидигийн Сургууль биш, Бизнес, Хуулийн сургууль гээд Харвардын бусад сургуулийн хичээлийг давхар авч болдог, жишээ нь Массачусетсийн технологийн их сургууль (MIT) -ийн хичээлийг авч болдог болохоор мэдээллийн маш том орон зай, судалгааны боломжийг оюутнууддаа өгдөг нь сайхан санагдсан. Бүгдийг нь ашиглах боломжгүй. Тиймээс өөрийнхөө хэрэгцээг л зөв тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд тийм л стратеги барьж байсан.

-Та 10 жилийн өмнө “Алсын хараа” гэдэг номоо хэвлүүлж чамгүй их амжилтыг дагуулсан болов уу? Энэхүү номоо хэрхэн бичих санаа төрж байсан бэ?

-Би ер нь өдрийн тэмдэглэл бичих дуртай л даа. Одоо залхуураад хагас сайн өдөр бүхэн нэгтгэл хийдэг юм. Өдрийн тэмдэглэл бичих нь, аливааг системтэй харах, өөрөөсөө төөрчихгүй байхад чухлаар нөлөөлдөг гэж боддог. Та тэрийг юу эс андах билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ тулгуурлаад 25 насныхаа төрсөн өдөрт зориулж тэр номыг бичсэн юм. Анх бичихдээ хүмүүст тийм их хүрнэ гэж бодоогүй л дээ. Мэдээж одоо харахад алдаа дутагдал олон л байдаг. Гэхдээ тэр 25 настай Л. Оюун-Эрдэнийн бодол, үзэл санааны илэрхийлэл учраас дахин хэвлэлтэд оруулахдаа юуг нь ч өөрчлөөгүй ээ.

-Ингээд бодоход “Алсын Хараа” номын зохиогч Л.Оюун-Эрдэнэ, “Азийн Хүлэг Улс” номын зохиогч Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд ямар ялгаа гарсан байна ?

-Арван жилийн ялгаа гарсан. Мэдээж 25 настай залуугийн үзэл бодол 35 настай залуугийн үзэл бодол хоёр өөр. Эргээд харахад “Алсын Хараа” номыг одоо шүүмжлэхэд харагдана. Гэхдээ би хэзээ ч засъя гэж боддоггүй. Учир нь миний 25 настай байх үеийн үзэл бодол. “Алсын Хараа” ном бол хувь хүний хөгжил тэр дундаа хувь хүн өөрийгөө яаж таних уу гэдэг зүйл руу чиглэж байсан бол “Азийн Хүлэг Улс” ном улс орны хөгжлийн загвар, сэргэн мандалт болон уруудан доройтсон, улс орнуудын түүх, өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, гурван тодорхой шийдлийг гаргаж ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийн тухай ном. Энэ бол миний 35 настай энэ л үеийн үзэл бодол. Мөн өнгөрсөн 10 жилийн итгэл үнэмшил бодол, сүүлийн гурван жилийн судалгаан дээр тулгуурлаж “Азийн Хүлэг Улс” номоо бичсэн.

Хүн бүр хотруу тэмүүлж байхад би нутаг руугаа тэмүүлсэн

-Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ. Өнөөдөр нутгийнхаа зон олонтой “Азийн Хүлэг Улс” шинэхэн номынхоо дээжээ хуваалцаж байгаа энэ үйл ажиллагаа таны сэтгэлийг хэр их хөдөлгөв?

-Сэтгэл маш их хөдөлж байна. Яагаад гэвэл миний өнгөрсөн  15 жилийн хугацааны амьдралын хэсэг. Анх арван жилийн  зургадугаар ангийн хүүхдүүдтэй сууж байсан 22 настай залууг өнөөдөр тэр хүүхдүүд Үндэсний хэмжээний Лидер болохыг хараад уригдаад лекц унших хувь зохиол олдоно гэдэг бол ховорхон аз. Тэр дундаа залуу хүнд. Тиймээс надад үнэхээр сэтгэл догдолж, сайхан санагдаж байна. Учир нь хүний амьдрал бол өнгөрсөн цаг хугацаа биш түүнд дотор үлдсэн дурсамж гэдэг үг байдаг. Үлдсэн дурсамжийн маань том хэсэг бол ДЗОУБ-ын байгууллагын Оюука гэдэг нэртэй 5 жилийн хугацаа байсан. Хүн бүр хотруу тэмүүлж байхад би нутагруугаа тэмүүлсэн. Энэ бүх зүйл маань сул тал болоогүй харин ч илүү их давуу тал болсон, илүү хүчтэй байх энэ бүх боломжийг туршлага, өөрөөсөө төөрөхгүй байх мөн чанарыг өгсөн. Амьдрал гэж юу болох ухаарлыг өгсөн. Орон нутагт ажиллана гэдэг муу зүйл биш, тэр дундаа хоцорч байгаа зүйл биш гэдгийг би өөрийнхөө амьдралаар туулж өнгөрүүлсэн.

-Та Монголд ирээд 4 сар болохдоо Хэнтий аймагтаа ирсэн үү. Таныг явж ирэх хугацаанд нутаг нь хэр ир өөрчлөгдсөн байна вэ?

-АНУ-аас ирээд нутагтаа ирсэн. Гэхдээ ар гэрийн гачигдлаар тухтай ирж чадаагүй байсан. Өнөөдрөөс л тухтай ирж байна. Ирэхэд их сайхан санагдсан шүү. Нутаг маань их өөрчлөгдөж хоёр зүйл содон туссан. Нэг нь Архигүй-Хэнтийчүүд хөтөлбөр хэрэгжиж Аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Учир нь улсын хэмжээнд загвар болоод явж байгаа нь том үнэ цэнэ юм. Бид бүхэн үүнийг цаашид хөгжүүлэх хэрэгтэй. Архигүй-Хэнтийчүүдээс Авилгагүй-Хэнтийг бий болгох, үүнийгээ ёс зүйтэй мэтгэлцээнээр сонгуулиа хийж чаддаг шинэ зүйл рүү Хэнтий түрүүлээд явах ёстой. Энэ нь Архигүй Хэнтийчүүд хөтөлбөрийн үр дүн юм. Хоёрдох онцлох зүйл нь өндөр байшин байсан. Энэ бол шилдэг шийдэл юм. Үүнээс хойш аль багтаа байшин барих уу, аль багаа тариалангийн талбайтай хэвээр үлдээх үү, аль багаа Чингисийн дурсгал цогцолбор болгох уу, аль багаа цэцэрлэгт хүрээлэн олон нийтийн цогцолбор болгох уу зэргийг шийдэх ёстой байх. Надад маш таатай санагдсан.

-Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг бол яахын аргагүй боловсролын ялгаа байдаг. Та үүнийг яаж хардаг вэ. Яавал сэтгэлгээний хоосролоос ангижирч  монгол орон хөгжих бол?

-"Монгол орны хөгжлийн гарц яахын аргагүй боловсрол юм. Бидний Улстөрийн намчирхсан талцлаас илүү, Монгол орны ирээдүйн зөв бодлогын төлөө залуус нэгдэж, нийгмийг өөрчлөх боломж байгаа. Өнөөдөр  ДЭЛХИЙ хэмээх далайд МОНГОЛ гэдэг усан онгоц хэрхэн уралдах талаар, тэр залуур дээр буй төр засгийн бодлого ирээдүйд ямар байх, залуучууд хэрхэн нэгдэж чадах нь чухал. Тиймээс ч залуусын боловсрол өнөөгийн нийгэмд үнэлэгдэх цаг нь болсон Монгол залуус оюун ухааны өндөр чадамжтай хүмүүс гэдгээ харуулах цаг нь болсон гэж би боддог. Тиймээс ч "Монгол" хэмээх нэгэн том брэндийн талаар хамтдаа бодож, нэгдэх нь хамгаас чухал юм. Монгол орныхоо төлөө тэр дундаа нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл оюунаа чилээж, өөрсдийгөө бэлдэж байгаа залуусаа  дэмжих нь бидний үеийн үүрэг юм.

-Холын хүнээс үг сонс гэдэг яах аргагүй өнөөдөр таны лекцийг олон хүн сонсох гэж ирсэн байна. Та цаашид нутгийнхаа төлөө юу хийхээр төлөвлөж байна вэ? 

-Миний хамгийн сайн хийж сурсан зүйл бол төсөл бичих. Тиймээс ч би “Монголын Зүрх Хэнтий” гэсэн төсөл санаачилсан урт хугацааны төсөл бичсэн. Ер нь бол  аль нам засаг барихаас үл хамааран Хан Хэнтийчүүд нэгдэн нийлж, бид ирээдүйд ийм байна гэсэн төсөөллийг бий болгоосой гэж бодож байна. 15 жилийн өмнө ДЗОУБ-ын төслийн судалгаа аваад хийж байснаа эргээд харахад үр дүнгээ өгсөн гэж боддог. Дараагийн 10 жилийг магадгүй урт удаан хугацаагаар харахыг хүсч байна. Намчирхах талцалаас олон зүйлийг харж үзлээ, одоо бид урагшаа харах болсон. Хан Хэнтийчүүд бид бие биентэйгээ намын харьяаллаар талцахгүй, хөгжлийн бодлого ярьж уралдъя. Нутгаа хөгжүүлэх талаар оюунаараа уралдъя гэж хэлмээр байна. Шинэ улс төрийн соёлыг эхлүүлье. Үүнийг Хан Хэнтийгээсээ түрүүлж эхлүүлээсэй гэж хүсч байна. Хан Хэнтийчүүддээ баярлалаа.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ