Гааль, татвар, хилийн боомтыг хариуцсан гурван дэд дарга ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-18 17:25:31

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулж уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Өөрөөр хэлбэл, гааль татварын байгууллагыг нэгтгэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэсэн үг.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, "Гааль татвар хоёр өөр өөр дүрэмт хувцастай. Энэ хоёр байгууллагыг нэгтгэснээр нэг дүрэмт хувцастай болно байх. Зардал мөнгө хэмнэх үүднээс одоогийн дүрэмт хувцасаа хугацааг нь дуустал хэрэглэж, шинэ хувцсандаа шилжих нь зүйтэй юм" гэсэн саналыг хэлсэн.

Үүнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт, "Энэ хуулинд удирдлагын түвшиний зохицуулалтыг тусгасан. Дүрэмт хувцасны тухайд гаалийнхан гаалийн хувцасаа, татварынхан татварын хувцасаа өмсөнө. Энэ хоёр байгууллага тус тусын хуулийн хүрээнд ажиллах болно" гэсэн хариултыг өгсөн юм. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд Гааль, татварын ерөнхий газар нь гааль, татвар, хилийн боомт хариуцсан гурван дэд даргатай байхаар тусгасныг хөндөөгүй гэдгийг хэллээ.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Б.Туул

Холбоотой мэдээ