Эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй компанийн удирдлагуудтай уулзлаа

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 15:16:55

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсад эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Могул пауэр, Бодь группийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар БНХАУ-ын эрчим хүчний томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ талаар танилцуулсан юм. Эрчим хүчний салбар бол эдийн засгийн чухал салбар гэдгийг Ерөнхий сайд хэлээд дулааны цахилгаан станц барих төслүүдийг хамтран хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Тэвшийн говийн цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэллээ.

Хоёрдахь төсөл болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ гэж төслийн удирдагч, Бодь группийн дэд ерөнхийлөгч Д.Мөнхтөр хэллээ.

Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд