МСҮТ-ийн захирлууд манлайллын сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-25 08:53:30

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй  “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих төсөл-1”-ийн хүрээнд Хөдөлмөрийн яам “Dale Carnegie Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран МСҮТ-үүдийн удирдлагуудад “Манлайлал, удирдлагын менежмент”-ийн сургалт явууллаа.

Сургалтад төрийн өмчийн 22, хувийн зургаа  МСҮТ-ийн захирал хамрагдсан бөгөөд санхүүжүүлэгч төслийн багийн хүсэлтээр Хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагын төлөөлөл ч оролцсон юм.

Сургалтад оролцогсод манлайлал, удирдлагын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шинэ мэдлэг авсан төдийгүй хичээлийн явцад суралцсан инновацийн процесс буюу асуудалд шинэлэг, бүтээлч шийдэл хайж олох ур чадварт суралцсан нь тэдний ажилд бодит дэмжлэг боллоо хэмээн ам сайтай байлаа. Хичээлийн үеэр өрнөсөн харилцан яриа, санал бодлоо солилцох үеэр захирлуудад байгууллага дээрээ шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал, төсвөөс хамааралтайгаар ажилтнуудаа тогтвортой, тогтмол эрч хүчтэй ажиллуулах, ажил даалгаж, хариуцлагатай байлгах тал дээр нийтлэг сул талууд байдаг нь ажиглагдсан хэмээн сургагч багш нар дүгнэсэн.

Захирлууд “Манлайлал, удирдлагын менежмент” сургалтаар олж авсан арга барилаа өөрсдийн ажил болон хамт олны дунд хэдийнэ хэрэгжүүлжээд эхэлснээс үзэхэд энэ удаагийн сургалт оролцогчдын манлайллын мэдлэгт нөлөөлж ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээ