2016 онд эрүүл мэндийн тоног төхөөрөмжид 80 сая төгрөг төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 16:14:39

2015 оныг Өвөрхангай аймгийн ИТХ-аас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, тус салбарт олон бүтээлч ажлыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Зорилтот жилийн хаалтын ажиллагаа өчигдөр Нутгийн удирдлагын ордонд болсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, БОЭТ-ийн захирал Ц.Анхтуяа болон хэвлэл мэдээллийн албаныхан оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ “Бид Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаас гурван үр дүн хүлээж байсан. Нийт ард иргэдээ эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн түвшинг ангилах, эмчлэн, эрүүлжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон амьдралын зөв дадал хэвшилд төлөвшүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гэсэн гурван зорилго ерөнхийдөө биелсэн. Иргэдээс ч сэтгэл ханамжийн судалгаа авахад сайн гэсэн үнэлгээ өглөө” хэмээн онцолсон юм.

Мөн Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд “Аймгийн 113 мянган хүн амаас 70 орчим мянган хүнийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, үүнээс 30  гаруй мянган иргэнийг 2,3 дахь шатны үзлэгт үзүүлэн эмчлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх зэрэг олон ажлыг хийж, ИТХ-аас 96,7 хувийн үнэлгээ авсан нь жилийн зорилтот ажлын гол үр дүн байлаа” хэмээсэн бол ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа “Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хороо гарч, дөрвөн зорилтын хүрээнд 32 үйл ажиллагааг төлөвлөн 96,7 хувийн амжилттай хэрэгжүүллээ. Бид иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хоёр үе шаттай хамруулснаар 4000 гаруй иргэнийг эрүүлжүүлээд байна. Энэ зорилгоо бид цааш нь үргэлжлүүлж, ард иргэдтэйгээ илүү ойр байж, өвчнийг эрт оношлон эмчлэх тал дээр зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

БОЭТ-ийн захирал Ц.Анхтуяа ““2015 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгосноор манай БОЭТ-д улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засварууд хийгдэж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Өндөр хөгжилтэй орнуудад эмч, ажилчид маань мэргэжил дээшлүүлж, тусламж үйлчилгээний чанарт хүртээмжийг дээшлүүлэн ажиллаж байна. Эмч нарын хувьд ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас 2016 онд нарийн мэргэжлийн эмч нарыг нэмж ажиллуулах тал дээр анхаарна” гэв. Түүнчлэн эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагатай холбоотой санал гомдол багасаж, эмчилгээ, оношилгооны талаар гомдол шүүмжлэл ирж байгаа учраас гомдлыг барагдуулахын төлөө анхаарч ажиллана хэмээсэн юм.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хаалтын ажиллагааны үеэр БОЭТ-д нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Хүчил төрөгч өтгөрүүлэгч, соруулын аппарат, монитор зэрэг 22 нэр төрлийн тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр авч өгч байгаа юм. 2016 онд Эх барих эмэгтэйчүүдийн тасаг, Дотрын тасаг, Халдвартын тасаг, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдээр хангахын тулд 80 сая төгрөг төлөвлөсөн болохоо аймгийн Засаг дарга хэлж байв.

Мөн зорилтот жилийн хүрээнд идэвх зүтгэлтэй ажилласан эмч мэргэжилтнүүд болон Өвөрхангайн өнгө сэтгүүл, Арвайхээр чөлөөт суваг телевиз, Таны-Элч сонины хамт олонг ажлын хорооноос шагнан урамшууллаа.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ