Саудын Араб, Ираны асуудлыг зохицуулахад ОХУ чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 16:16:26

ТЕГЕРАН. /Sputnik/. Саудын Араб болон Иран хоорондын маргааныг зохицуулахад ОХУ голлох үүрэг гүйцэтгэж болох юм. Учир нь тус хоёр улс хоёулаа ОХУ-тай зуучлагчийн хувиар хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэж Ираны улс төр судлаач Жафар Нематзадех мэдэгдэв.

Лалын шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран болон Мешхеде хот дахь Саудын Арабын консулын газарт халдсаны улмаас тус улс болон Иран хоорондын харилцаа муудсан билээ.

Тегеран болон Рияд хоорондын маргааныг зохицуулахад ОХУ зуучилж, туслахад бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан өмнө нь мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, АНУ, Персийн булангийн орнууд, Турк бидэнтэй адил санал тавьсан боловч Иран эрс эсэргүүцсэний улмаас тэдний уг оролдлого амжилтгүй болсон тухай дурджээ.

Сири дэх босогчдын бүлэглэл болон терроризмтой тэмцэх ажиллагаагаа ОХУ-тай уялдуулахад Риядтай үүсээд байгаа харилцаа нь Иранд дэмжлэг болж магадгүй юм гэж Нематзадех мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ