Сар шинийн баяраас өмнө ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэж бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-06 17:02:51

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар УИХ-ын дарга З.Энхболд, “МИК”-ийн захирал Д.Гантөгс, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат нар өнөөдөр нээлттэй танилцуулга хийлээ.

Иргэдийг орон сууцжуулах зорилгоор 2012 оноос хойш 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг Монгол Улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд 47 мянган өрх 8 хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орж, сарын 471 мянган төгрөгийг дунджаар зээлэнд төлж эхэлсэн. Үүнээс 35 мянга гаруй нь Улаанбаатар хотод, 11 мянга гаруй нь хөдөө орон нутгийн иргэд байгаа аж.

Гэвч оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа банкууд 8 хувийн зээлээ зогсоож байгаагаа мэдээлсэн. Үүнийг дагаад зээлд хамарч орон сууцтай болох иргэдийн хүсэлт зогсч, цаашлаад барилга үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрийн эрэлт эрс тасалдаад байгаа юм. Тиймээс УИХ-аас нэн даруй энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачилж энэ долоо хоногт багтан өргөн барихаар болжээ.

УИХ-ын дарга З.Энхболд энэ ажиллагааг Цагаан сарын баяраас өмнө нэг мөр шийдэж, иргэдэд илүү таатай нөхцөлтэйгөөр санал болгохоор ажиллаж байгааг өнөөдөр дуулгав.

УИХ-ын дарга З.Энхболд энэ тухайд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ шийдвэрийг “Барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүйтэй холбоотой байсан. 2009 оны хууль гарахаас өмнө энэ үг Монгол хэлэнд байгаагүй. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг биш. Яагаад гэвэл энэ нь тэр хүний өмч болоогүй. Гэсэн ч тэр хүн ирээдүйд бий болох өмчөө барьцаалж зээл авч болох тэр боломжийг нээж өгсөн. Гэвч цэц энэ ойлголтыг байхгүй болгосноор иргэн заавал өөрийн болсон өмчөө л барьцаалж зээл авч болохоор болчихлоо. Автомашинтай хүн дахиад автомашин авахдаа л зээл авна. Орон сууцтай хүн дахиад орон сууц авахдаа л өмнөхийгөө барьцаална. Гэтэл манайд ингэх боломжтой хүн хэд бий билээ. Цэц ийм хохиролтой шийдвэр гаргасанд нь би буруутгаад байгаа юм. Монгол улсын санхүүгийн систем суурь болсон ипотекийн зээлийг зогсоож, олон мянган иргэний хүсэл эрмэлзлэл, цаашлаад орлогын эх үүсвэрийг хаачихлаа. Тиймээс бид хууль эрхзүйн хүрээнд дахин энэ зээлийг эргэлтэд оруулах боломжит бүх хувилбарыг дэвшүүлж байна” гэв. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байсан бол сард хамгийн багадаа 800-1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан гэдгийг мөн нэмж хэллээ.

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн ачаар олон дэвшилтэт үр дүн гарснаас дурдвал нийслэлийн утааг тодорхой хэмжээнд бууруулж, иргэд санхүүгийн зөв хуваарилалттай болж, барилгын салбар хөгжиж, 83 мянга гаруй иргэн ажлын байраар хангагдан, гинжин холбоосоор олон салбарыг давхар давхар дэмжиж ирсэн. Харин ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувь биш 10 хувь болгон бууруулна гэж зарим улс төрчид ярьж байгаа нь эдийн засгийн хувьд боломжгүй, иргэдэд ч үр өгөөжөө бодитоор өгөхгүй хийсвэр зүйл гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлж байв.

Жишээ татахад, иргэн мкв нь 1.350.000 төгрөгийн 80 мкв орон сууцыг 108 сая төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 30 хувь төлөн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдвал сар бүр 640 мянга гаруй төгрөгийн төлөлт 20 жилийн хугацаатай хийнэ. Энэ зээлийг авахын тулд өрхийн сарын орлого дунджаар 1.4 сая төгрөг байх шаардлагатай. Харин урьдчилгаа төлбөрийг 10 хувь болговол иргэний өрхийн дундаж орлого 2 сая гаруй төгрөг байх шаардлагатай болж, сард төлөх зээлийн хэмжээ нь 800 орчим мянган төгрөг болох юм. Тиймээс энэ нь зээл хүсэгч иргэдийн хүртээмжийг улам хумиж, иргэдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэн, бодитоор гарах үр нөлөө эрс муудна.

Харин УИХ, Монголбанкны тавьж буй шинэ зорилтын хүрээнд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах бус хүүг нь бууруулж, хугацааг уртасгах нь зөв хэмээн үзэж байгаа аж. Энэ нь иргэдэд илүү их боломжийг олгох бөгөөд тавих шаардлагыг улам багасгах аж. Тодруулбал дээр дурдсанчлан сард дунджаар 640 мянган төгрөг ипотекийн зээлэнд төлдөг байсан гэр бүл зээлийн хүү 5 хувь болж буувал сард 500 орчим мянган төгрөг төлдөг болох юм. Өрхийн дундаж орлого ч үүнийг дагаад 1.4 сая бус 900 орчим мянган төгрөг байхад зээлд хамрах боломжтой болно.

Үүнээс гадна улсаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэддээ орон сууцны зээлийн урьдчилгаанд дэмжлэг болгож мөнгөн тусламж үзүүлж болно гэж УИХ-аас үзжээ. Үүний тулд улсын төсөвт 20 тэрбум төгрөг суулгаж өгөх шаардлагатай аж. Энэ нь дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө ч үүнээс олон иргэдийг орон сууцжуулах амьдрах нөхцлийг дээшлүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна. Мөн Ипотекийн зээлийн санг Тэтгэврийн сан руу шилжүүлэх шаардлага гарч байгаа бөгөөд үүнийг яаравчлан боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгааг УИХ-ын дарга хэллээ.

Ипотекийн зээлийн хүүг инфляцитай уялдуулж бууруулах, зээлийн хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг шинэ жилийн баярын өдрүүдэд шуурхайлан бэлтгэж бэлэн болгосон бөгөөд энэ долоо хоногт багтаан УИХ-д өргөн барих гэж байна. Хэрэв эдгээр хууль, тогтоомжууд батлагдвал иргэдэд хүрдэг ипотекийн зээлийн эргэлт дахин эхлэх бөгөөд харин ч хүү нь 5 хүртэл хувь хүрч бууран, илүү өргөн хүрээг хамрах юм.  

Н.Гантуяа

Холбоотой мэдээ