Үр тарианы хураалт 2 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 16:33:22

Ургац хураалтын ажил энэ сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд үр тарианы хураалт 2 хувьтай үргэлжилж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Харин төмс, хүнсний ногооны хураалтын  явц 13-17 хувьтай  байгаа аж. Өнөөдрөөс ургац хураалтын ажил жигдрэх төлөвтэй байгаа бөгөөд улмаар 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ургац хураалтын ажлыг улсын хэмжээнд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгааг салбарынхан дуулгалаа. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, мөн ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаа аж. Үүнтэй холбоотой ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргүүлжээ. Хаврын тариалалтыг нийт 511.2 мянган га талбайд хийснээс 359.7 мянган га-д нь улаанбуудай тариалсан байна. Ургацын урьдчилсан балансаар 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарчээ. ХХААЯ-ны тооцоогоор улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжжээ. Өөрөөр хэлбэл улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай энэ онд хураан авах юм байна. Ингэснээр нийт гурилын хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутах гэнэ. Түүнчлэн салбарын яамнаас улаанбуудайн үнийг зах зээлийн зарчимд бүрэн шилжүүлэх үүднээс ХААБ-ийн арилжаанд тулгуурлахаар болсон. Он гарсаар биржийн зүгээс туршилтын арилжаагаа амжилттай хийж, одоогоор хоёр ч төрлийн буудайн арилжаа явуулжээ. 

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд