Голомт банк олимпийн тамирчдаа дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-12 10:56:41

Олимпийн хөгжлийг дэмжих цомыг 2015.12.21-нээс 2016.01.11-нд хүлээн авч өөрийн салбар тооцооны төвүүдээр аялуулсан Голомт банкны хамт олон олимпийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор ТВ-9 телевизийн АХА танин мэдэхүйн нэвтрүүлгийг зохион байгуулжээ.

Бразилд болох зуны олимпийн ХХХI, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах, Олимпийн хөгжлийг дэмжих санд хандив цуглуулах зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тус цомыг улс орон даяар аялуулж байгаа юм. Мөн "Рио-2016" олимпийн наадамд буудлагын төрлөөр өрсөлдөх Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, О.Гүндэгмаа болон марафоны төрөлд  Монгол Улсаас оролцох 4 тамирчны нэг болох  ОУХМ Б.Гантулга нартай уулзалт хийжээ.

Голомт банк нь ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой спорт хамтлагтай, салбар хоорондын болоод улс хотын тэмцээн уралдаанд тогтмол өндөр амжилт үзүүлдэг спортод элэгтэй хамт олон юм. Тус банк олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжин олимпийн хөгжлийг дэмжин  санд 5 сая төгрөгийн хандив өргөж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Төрийн  банкинд шилжүүлэн өгсөн байна.

Монгол Улс 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож зуны олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрөлд 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй.

Д.Өлзий

Холбоотой мэдээ