Өлзийт сумынхан түмэн тэмээний баяраа ирэх сард товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-12 19:00:20

Өлзийт сумынхан энэ онд түмэн тэмээний баяр хийхээр өнгөрсөн оны эхэнд төлөвлөсөн. Төлөвлөсөн ёсоор түмэн тэмээний баяраа  ирэх сарын 15- 16- ны өдөр товложээ.

Өлзийт сумын малчид 1976 онд тэмээгээ хоёр түмд хүргэж, түмэн тэмээний баяр хийж байсан түүхтэй. Харин нэгдэл тарж, мал сүрэг хувьд шилжсэн үеэс тэмээн сүргийн нь тоо толгой 3 мянга гаруйд хүртлээ цөөрсөн байдаг. Жил тутамд цөөрч байгаа тэмээн сүргээ өсгөхийн тулд 2005 оноос эхлэн тэмээгээ өсгөсөн тоо толгой тутамд 10 мянган төгрөгийн урамшууллыг малчиддаа олгодог болсон нь үр дүнгээ өгчээ. Өнгөрсөн онд гэхэд 1200 толгойгоор тэмээн сүрэг нь өсч, 9800 тэмээ тоолуулсан байна.   

Түмэн тэмээний баярыг “Их говийн тэмээ” өдөрлөгтэй хамтатган зохион байгуулах юм байна. Энэ өдөрлөгийг тэмээн сүргээ өсгөж яваа малчдынхаа хөдөлмөрийг алдаршуулах, тэмээн сүргээ аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц болгож өрх гэрийн төдийгүй аймаг сумын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах үүднээс аймгийн ИТХ, ЗДТГ хамтран өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм.

“Их говийн тэмээ” өдөрлөг болон Өлзийт сумын “Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээ, тэмээчний ажил хөдөлмөр, зан үйлтэй холбоотой уламжлалт тэмцээн уралдаануудыг зохион байгуулах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ