2016 онд хүн амын архины хэрэглээний түвшинг тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:00:02

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Сэтгэц, Наркологийн тасаг 2016 оны 1, 2 дугаар улиралд багтаан хүн амын архины хэрэглээний түвшинг тогтоох ажлыг өрх, сумын эмнэлэгүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна. 

Ялангуяа согтолтын улмаас хөлдсөн, гудамж талбайд хаягдсан, ар гэртээ согтуурхан агсам тавьж, шил болон бусад зүйлээс гэмтэл авсан, их хэмжээгээр цус алдсан, шөрмөс тасарсан байдлаар БОЭТ-ийн Яаралтай тусламжийн албанд хандан хүргэгдэж ирсэн хүмүүсийг нарийвчлан бүртгэж, ар гэрийн гишүүдийг сургалтанд хамруулах байдлаар хамтран эмчлэх юм.

Мөн байгууллага хамт олон руу хандсан сэтгэц, наркологийн үйлчилгээг өргөтгөх, эмч мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудыг чадваржуулахад илүү анхаарч ажиллана гэлээ.

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх үүднээс Өвөрхангай аймагт Сэтгэц, Наркологийн тасгийг 11 ортойгоор 2015 оны 4 сарын 1-ний өдөр байгуулсан билээ. 2015 оны байдлаар тус тасагт 108 хүн хандаж, хордлого тайлах болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагджээ.

2016 он гарсаар БОЭТ-ийн яаралтай тусламжаар дамжуулан 17 хүн архины хордлого тайлах тусламж үйлчилгээг аваад байна. Сэтгэц, Наркологийн тасагт ирж буй хүмүүсийн архинд донтох өвчлөлөөс үзэхэд ихэнх нь 3 дугаар шатандаа орсон бөгөөд насны хувьд хэт залуужсан буюу 25-44 насны хүмүүс байгаа аж. 

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ