“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр төрийн 200 гаруй үйлчилгээ үзүүлнэ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-01-14 13:43:44

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын гол зорилтын хүрээнд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн нээлт өнөөдөр боллоо.

Засгийн газар төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор “11-11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг  ТҮЦ машиныг суурилуулсан. Уг ажлын үргэлжлэл нь “Нийслэлийн үйлчилгээний төв” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Бид бүхний олон жил ярьсан ажил өнөөдөр биелэлээ олж, Монгол Улсын төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандага бий болж байна. Цаашдаа яам, агентлагийн үйлчилгээг цахим хэлбэрээр энэ төвтэй нэгтгэх, 21 аймагт энэ төрлийн төв байгуулах ажлыг эхлүүлэх учиртай. “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” энэ цаг мөчөөс иргэддээ шуурхай, нээлттэй үйлчлэх зарчим баримтлан ажиллах хэрэгтэй” гэлээ.

Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх аж. Мөн бямба гараг бүрт ажиллах юм. Үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс Дүнжингарав худалдааны төвд банк, нотариат зэрэг дагалдах үйлчилгээг бүгдийг цогцоор нь бүрдүүлсэн гэдгийг нийслэлийн удирдлагууд хэллээ.

Цаашдаа “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Хан-Уул дүүргийн Мишээл ЭКСПО, Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцон үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ