Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-15 12:58:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хүүхдийн мөнгийг яагаад гэнэт олгох болов, мөнгө байхгүй гэсэн одоо мөнгөтэй болсон гэсэн үг үү, энэ чинь АН-ын сонгуулийн бэлтгэл ажил юм биш үү, уг мөнгийг үргэлжлүүлэн олгох эх үүсвэр байгаа эсэх зэрэг асуудлыг тодруулсаны зэрэгцээ хувь хишгийг олгохтой холбогдуулж төсвийн тодотголыг өргөн барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.

Эдгээр асуултад салбарын сайд С.Эрдэнэ, “Одоогийн байгаа төсвөөр бол ирэх 8 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох боломжтой. Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор шийдэх асуудлыг зохицуулсан зохицуулалт бэлэн бий. Тодруулбал, УИХ-аас баталсан 2015 оны 103 дугаар тогтоолд хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор зохицуулахыг Ерөнхий сайдад даалгасан заалт тусгасан байдаг.

Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн мөнгийг сар бүр хугацаанд нь олгож ирсэн. Энэ онд ч хүүхдийн мөнгийг бүрэн олгоно. Тогтоолын төсөл батлагдвал тогтоосон хугацаанд хүүхдийн мөнгийг хэвийн олгоод явна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын мөнгийг удахгүй олгох гэж байна.

Өрхийн амьжиргааны түвшингээ тодорхойлуулсан 1-20 дугаар бүлгийн айл өрхүүд ямар нэг нэмэлт бүртгэл судалгаанд хамрагдалгүй хүүхдийн мөнгөө авах бололцоотой. Судалгаанд хамрагдаагүй өрхүүд судалгаанд хамрагдаж байж хүүхдийн мөнгөө авна.

Зарим нэг гишүүд асуудал шийдвэрлэж болмооргүй түвшинд хүрчих мэтээр ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Хүүхдийн мөнгөөр улстөр хийх шаардлага байхгүй. Өмнө нь хүүхдийн мөнгө олгоход банкин дээр дугаарлалт үүсч, нийгэмд бухимдал үүсдэг байсан. Хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах үүднээс цахим технологийн давуу талыг ашиглан одоо ямар нэг чирэгдэлгүй олгодог болсон” гэсэн хариултыг өгч байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх буюу 90.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ