Шинэ булаг харзлан урсчээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:33:31

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Шар модны шивээ толгой гэдэг газар 2015 оны наймдугаар сарын дундуур газрын гүнээс гэнэт ус оргилон ундарсан нь эдүгээ 1100 метр урт урсаж Дэлгэрэх сумынхны хүн мал ундаалдаг очих дуртай газрын нэг болжээ. Газар хөдлөлтийн учир шалтгаанаар оргилсон гэх шинэ булаг  500-600 орчим метр мөсөн талбай үүсгэж, цас мөсөн доогуураа харзлан урсаж байна. 

БОНХАЖЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Галба, өөш Долоодын сав газрын мэргэжилтнүүд уснаас дээж авч шинжилгээнд өгөхөд хүний биед сөрөг нөлөөлөл үзүүлэх элдэв хорт бодис гараагүй аж. Булгийн ус нь цасны ус шиг зөөлхөн амттай төдийгүй цээж хорсдог, ходоод дотрын өвчтэй нутгийн зарим иргэн дээрх булгийн уснаас уухад онцгой нөлөө үзүүлж өвчин эмгэг нь илаар болсон тохиолдол гарчээ.

Харин Дэлгэрэх сумынхан гаднаас зочин гийчэн ирэхэд сонирхуулж шинэ булгийн усаа үзүүлдэг болсон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ