Хан хөхийн нуруунд ганц эвэрт гөрөөс нутаглаж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 09:34:53

Увс аймгийн Өндөрхангай сум дахь Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас ан амьтдын байршил, идэвхжил, өвлийн улирлын зан төрхийн зарим мэдээлэл цуглуулах зорилгоор Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолбор газрын Уянга хэмээх газарт өнгөрсөн 11-р сарын 20-ны өдөр RECONYX маркийн автомат камер байршуулсан байна.

Энэхүү камерт 20 хоногийн хугацаанд халиун буга, бор гөрөөсний 189 кадр дарагджээ. Камер байрлуулсан газрын цасны зузаан 25 см бөгөөд хасах 18 хэмийн хүйтэн байсан байна. Согооны сүрэг шөнийн 2 цагаас өдрийн 11 цаг 30 минут хүртэл цас цавчиж идээшилсэн нь согоо өвлийн улиралд шөнө болон үдээс өмнө идэвхтэй байдгийг илэрхийлж байгаа ажээ. Согооны зургийг харахад тарга тэвээрэг сайтай, гэдэс цатгалан, тайван идээшилж байгаа нь тухайн газар өвөлжилт хэвийн байгааг харуулж байна. 

Мөн өглөөний 10 цаг 30 минутад бор гөрөөсний зургаан зураг хальсанд буусан байна. Уг гөрөөс нь бие гүйцсэн, тарга тэвээрэг сайтай, цатгалан, толгойныхоо дунд хэсгээс ургасан салаагүй ганц эвэртэй байгаа нь сонирхол татахуйц байжээ. Энэхүү камерыг тус Хамгаалалтын захиргаа хувийн шугамаар олж туршиж байгаа бөгөөд тодорхой газар нутагт олон камер байрлуулж богино хугацаанд зардал багатай, бодит мэдээллүүдийг цуглуулж хамгаалалтын менежментийг шинэчлэн сайжруулах, хэрэгжүүлэхэд ашиглахыг зорьсон аж.

Хан Хөхийн нуруунд ганц эвэртэй бор гөрөөс харж байгаагүй хэмээн нутгийн иргэд болон байгаль хамгаалагчид, орон нутгийн судлаачид ярьж байна.

                Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ