МАН Нийслэлийн мандат нэмэхийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-18 16:50:58

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийв.

СЕХ-ноос энэ сарын 15-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн саналдаа сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хязгаар, мандатын тоог хуучнаар нь буюу 2008, 2012 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баримтлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогдох санал ирүүлсэн аж.

Харин АН-аас өнөөдөр СЕХ-нд үүрэг даалгавар, өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг МАН-ын дэмжихгүй гэж С.Бямбацогт гишүүн онцлов. Тодруулбал АН-аас өгсөн үүргийн дагуу нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болно гэв. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай байгаа аж. 

Бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99.7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй" гэв.

Мөн сонгуулийн тойрог, мандатын тоонд өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болж, хэдэн жилийн дараа хот улс бий болох ч магадлалтай гээд олон сөрөг үр дагаврыг АН бий болгох гэж байгаад харамсаж байна гэлээ. Үүнээс гадна аймаг, орон нутгийн ард иргэдийг УИХ-д төлөөлөх боломж багасч, аймгуудад хөрөнгө оруулалт хийх, хөгжих боломж бололцоо улам хумигдана гэж шүүмжилж байв.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ