Сөүлийн ус түгээгүүрийн уснаас цацраг идэвхт бодис илрээгүй

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-19 13:03:22

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт явуулсны дараа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын ус түгээгүүрийн уснаас цацраг идэвхт бодис илрээгүй гэж тус хотын захиргаанаас мэдээлжээ.

“Энэ сарын 6-12-нд явуулсан шинжилгээ судалгаагаар ус түгээгүүрийн усыг хэрэглэхэд аюулгүй болох нь тогтоогдсон. Усанд цезия-134 зэрэг хиймэл цацраг идэвхт бодис байхгүй” гэж нийслэл хотын захиргаа онцлон дурдсан байна. Ханган голоос ус татдаг таван өөр газарт болон цэвэрлэх зургаан байгууламжид шинжилгээ хийжээ. Гэхдээ Сөүлийн хотын захиргаа илүү өргөн цар хүрээтэй шинжилгээ судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Умард Солонгост цөмийн туршилт явуулсны улмаас Өмнөд Солонгосын гол мөрөнд аюултай цацраг идэвхт бодис алдагдсан байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдэд бичжээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын иргэд ус түгээгүүрийн ус хэрэглэхээс зайлсхийх болсон байна. Устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа Умард Солонгосын эрх баригчид нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ. Тус улсын энэ үйлдлийг маш олон орны Засгийн газар буруушаасан.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ