Цайны агуу их замын дагуух хотуудын холбоо дүрэмтэй боллоо

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-19 17:54:34

УЛААН-ҮД. /baikalfinans/. Цайны агуу их замын дагуу оршдог аялал, жуулчлалын хотуудын холбооны дүрэмд эртний энэ худалдааны чиглэлийн дагуух Монгол, Оросын 9 хот болон Хятадын 43 хотын дарга нар гарын үсэг зуржээ. Тэд мөн “Цяньшаний хамтарсан тунхаг” гаргасан байна.

Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Цяньшань хошуунд Хятад, Монгол, Оросын хотуудын дарга нарын “Цайны агуу их зам ба хотуудын хөгжил” дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжилсэн уг форумын нээлтийн ажиллагаанд урьд нь дээрх хотуудын 300 гаруй төлөөлөгч оролцсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд өндөр түвшний форум, цайны болон аялал, жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, аялал, жуулчлалын нөөц, эх үүсвэрийн танилцуулга, хотуудын дарга нарын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан байна. Хятад, Монгол болон Оросын хотуудын дарга нарын “Цайны агуу их зам ба хотуудын хөгжил” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Хятадын тал санаачилсан байна. Уулзалтын гол зорилго нь "Цайны агуу их зам" олон улсын холбоо болон хотууд хоорондын холбоо харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёл, аялал жуулчлал, худалдаа-эдийн засгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх юм.

Дээд хэмжээний уулзалтын эхний хоёр өдөр Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод болсон бол гурав дахь өдрийн уулзалт Хятадын Фузянь мужийн Уишань хотод болжээ.

“Цайны агуу их зам” хил дамнасан олон улсын аялал жуулчлалын маршрутыг 1990-ээд оны сүүлээс боловсруулж эхэлсэн байна. Энэ төсөлд ОХУ-ын Сибирь, Хятад болон Монголын бүс нутгийн эрх баригчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Уг чиглэлээр туршилтын аяллыг  Хятадаас 2012 оны зун хийжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ