“Цахим эрүүл мэнд” төсөл Төв аймагт хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-20 17:07:10

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төсөл өнөөдөр Төв аймагт нээлтээ хийлээ.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  нээж хэлэхдээ, “Бид мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт зөв зохистой нэврүүлснээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл  чирэгдлийг бууруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон удирдлагуудын шийдвэр гаргалтыг улам бүр оновчой болгож чадна” гэдгийг онцлов.

Төв аймаг нь  Монгол Улсын хамгийн олон сумтай  аймаг. Тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан  27 сумын нийт 90 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэж иржээ.

Төслийн хүрээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий 6  нэр төрөлийн тоног төхөөрөмж, аймгийн нэгдсэн эмнэлэгт 410,6 сая төгрөгийн 23 нэр төрлийн төнөг төхөөрөмжийг тус тус гардуулан өглөө.

Тус төсөл нь нийтдээ  18,9 сая ам.долларын  өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлж  байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Син Хайман болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ