Монголын төлөөлөгчид Аляскт айлчилж, туршлага солилцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-22 14:55:31

ЖУНО. /Juneauempire/. Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд Монгол хэрхэн хариу арга хэмжээ авдаг талаар санал бодлоо хуваалцаж, уг асуудалд Аляск ямар хариу арга хэмжээ авдгийг судлахаар Монголын төлөөлөгчид ирэх долоо хоногт Аляскийн нийслэл Жуно хотыг зорино.

Монголын Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвийн албан ёсны айлчлалын хүрээнд Монголын Засгийн газар, их сургууль, төрийн бус байгууллагын ажилтнуудаас бүрдэх төлөөлөгчид Аляск муж улсын нийслэл Жуно хотод айлчлах бөгөөд уг арга хэмжээг тус муж улсын Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөл зохион байгуулна.

Аляск муж улсын дэд захирагч Байрон Маллот болон эрх бүхий албан тушаалтнууд Монголын төлөөлөгчдийг хүлээн авч, гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар Аляскт хийж буй ажлын түүхэн тоймыг танилцуулна гэж Аляскийн гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөлийн гүйцэтгэх захирал Лаури Мортон мэдэгдэв. Мөн Монголын төлөөлөгчид гурван өдрийн айлчлалынхаа үеэр Жуно хотын “AWARE” хамгаалах байранд зочилж, янз бүрийн илтгэл сонсоно гэж тэрбээр дурдав.

Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй нийгэмлэггийн гишүүд тус улсын төлөөлөгчдийг хүлээн авах ажиллагаанд уригдсан байна. Жуно хотод айлчилсныхаа дараа Монголын төлөөлөгчид Анкориж болон Ном хотод зочилно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ