Ялгавартай татварын зохицуулалт дунд хугацаандаа үр дүнгээ өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-22 16:28:12

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Уул уурхайн сайд Б.Жигжид гишүүдийн асуусан асуултад, “Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. Уул уурхайн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг.

Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монголбанкнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгосон. УИХ-аас өнгөрсөн оны Улсын төсвийн тухай хуулиар шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Үүнтэй холбогдуулан алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252.000 төгрөг, АИ-92 автобензинд 259.000 төгрөг, дизель түлшинд 265.000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна. Алслагдсан хөдөө орон нутгийн шатахууны үнийг бууруулах үүднээс манай улсын төвийн бүсийг хангаж буй гол хилийн боомтоос бусад боомтоор импортлож байгаа шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг “О” байлгаж ирсэн. Энэхүү ялгавартай татварын зохицуулалт нь дунд хугацаандаа үр дүнгээ өгнө гэж үзэж байна” гэв. Асуулгын хариулттай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Холбоотой мэдээ