Хэрлэн сумын аварга шалгаруулах нээлттэй бөхийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:26:27

2016 оны Хэрлэн сумын аварга шалгаруулах Сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн нээлттэй барилдааныг энэ сарын 30-31-ны өдөр Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар  зохион байгуулахаар төлөвлөжээ.

1997 оноос уламжлал болгон зохиогдож байгаа энэ тэмцээнд 18-аас дээш насны залуучууд оролцон барилддаг юм. Тус тэмцээн нь Монгол Улсын алдар цуут аварга, аймгийн цолтой бөхчүүдийн залгамж халаа залуу бөхчүүдийн бэлтгэн тодруулах, Үндэсний бөхийн өв уламжлал ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн сургах зорилготой аж.

Тэмцээний бүртгэл нь энэ сарын 29-ны  10 цагаас 18 цаг хүртэл явагдах бөгөөд техникийн зөвлөгөөн нь энэ сарын 29-ны өдрийн 19 цагт Биеийн тамир спортын газар болох юм.

Сумын харцага начин цолтой бөхчүүдийн барилдаанд Сумын заан цол 1 бөхөд, Сумын харцага цол 2 бөхөд олгох бөгөөд Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 1,2-р байр эзэлсэн бөхөд сумын начин цол олгоно гэж зохион байгуулагчид онцоллоо.

Мөн уран барилдаанд өсөх ирээдүйтэй бөхийн шагналаар нэг бөхийг шалгаруулж шагнах аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ