МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийтэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тодорхойлж, бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас Монголын улаан загалмай нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах, улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдгийг хэрэглэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад зорилгоор уг хуулийг УИХ-аас баталсан юм.
Мөн өнөөдрийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Уг хуульд "Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно”, “Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэж зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулсан юм.
ҮҮнээс гадна өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуульд “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн зүйлийг өөрчлөн найруулсан. Ингэснээр банкууд ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэн олгох боломж нээгдсэн юм.
Н.Туяа