Сумын төв усанд автахаас сэргийлэх ажилд төрийн байгууллагынхныг дайчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 13:43:18

Ховд аймгийн Буянт суманд өвөлжилтийн байдал ямар байгаа талаар сумын засаг дарга Б.Нэргүйтэй уулзахад ”Сүүлийн 10 хоног цас орж, хялмайлж байгаа учир мал хэвтэр бууцгүйдэж болзошгүй байна. Буянт голын ус тэлж, хачир гүйж байгаа учир сумын төвийн айлуудыг усанд автахаас сэргийлж байна” гэв.

Буянт голын ус эхэн хэсэг буюу Бугат үзүүр чиглэлээс их гүүр хүртэл ус тэлж хачир гүйх тохиолдолд Буянт сумын нутаг ус их хэмжээгээр тэлж усанд автах тохиолдол гардаг байна. Энэ жил голын ус сумын төвийн дээд хэсгээр тэлж, их хэмжээний хачир гүйж, ус боох элс хайрга дутагдаж байгаа бөгөөд сумын төрийн байгууллагын ажилтнуудыг ус боох ажилд дайчилж байгаа ажээ. 

Цас хялмайлан хүйтэрч Буянт голын ус тэлж уур манан савсан хүйтний эрч чангарч байгааг нутгийн иргэд өвөл болдгоороо болж байна гэж зарим хэсэг нь үзэж байхад зарим нь яггүй хүйтэн өвөл болж байна. Цас дагтаршиж, малын туурайд халтай, өвсгүйдэж ирэх хавар чангаах вий гэцгээж байна.

Ховд аймгийн нийт нутгаар өнгөрсөн оны 11,12 дугаар сарууд шинэ жил хүртэл бараг  намраараа тогтуун дулаан байсан юм.

А.Бямбасүрэн

                                                           

Холбоотой мэдээ