Унгарын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 08:16:40

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийснээс гадна Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхав.

Айлчлалын хүрээнд Засгийн газар хоорондын 5, хувийн хэвшил хоорондын 4 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурав. Түүнчлэн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах оюутны тоог 200 болгож нэмэв.

Түүнчлэн "Монгол, Унгарын бизнес уулзалт"-д Монголын 200, Унгар Улсын 60 гаруй бизнес эрхлэгч оролцож, төгсгөлд нь хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хувийн хэвшлийн хоёр компани хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Ийнхүү Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, тэрбээр өчигдөр буюу энэ сарын 26-ны орой нутаг буцлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарын албаны хүмүүс үдэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ