Хөрөнгө орлогын мэдүүлгээ яаравчлан өгөхийг АТГ-аас анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-27 11:27:40

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулдаг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хэрхэн  үргэлжилж байгааг тодруулав.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь 2015 оны мэдүүлгээ https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлэх ёстой.

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 15 мянга гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн мэдүүлээд байна. Одоогийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Уул уурхайн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Тахарын ерөнхий газар, Архангай аймгийн ИТХ, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн ИТХ, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн ИТХ зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын 50-иас дээш хувь нь 2015 оны мэдүүлгээ шинэчлэн мэдүүлжээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 276 албан тушаалтны 23 нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс мэдүүлэг гаргагч төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах албан тушаалтнууд анхаарах нь зүйтэй. 2015 оны сүүлээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой зарим төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ ихээхэн гарч буй болон мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа зэрэг нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсгэж болзошгүй байна гэдгийг АТГ-аас анхааруулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ