Алтанбулаг боомтын хэсэгт нисгэгчгүй аппарат туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 23:04:30

Монгол Улсын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Сэлэнгэ аймгийн туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөн энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Тус арга хэмжээнд хилийн сумд болох Алтанбулаг, Түшиг, Хүдэр сумдын засаг дарга нар, орон нутгийн удирдлагууд, туслах хүчний зөвлөлийн дарга С.Бүрэнбат, хилийн 0101, 0243-р ангийн удирдлагууд, аймгийн Цагдаагийн газар, ОБГ, гааль, тагнуул, хилийн мэргэжлийн хяналт, Зооноз судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, 2015 онд хийсэн ажлаа дүгнэн 2016 онд хийх ажлаа тодорхойлон ярилцлаа.

Зөвлөлгөөний үеэр Хилийн 0243-р ангийн захирагч, Монгол Улсын Сэлэнгийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа Д.Дамдинсүрэн:”Зөвлөлгөөнөөр 2015 онд хил хамгаалах туслах хүчний зөвлөлөөс хийсэн ажлыг дүгнэж үзэхэд үнэхээр бодит үр дүнд хүрэхүйц том том ажлуудын ард гарч чаджээ. Хамгийн гол асуудал нь улсын хил хамгаалалтын үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах оролцоо нэмэгдсэн, тэд хилийн зөрчлийг илрүүлж, мэдээлдэг болсон байна. Хил хамгаалалтанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдсэн хилийн зурвасыг тодорхой болгох, ойн зурвас, мөр хянах зурвасуудыг сэргээхэд иргэд буюу туслах хүчнийхэн ихээхэн дэмжлэг үзүүллээ.

Мөн өнгөрсөн онд хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр орон сууц барих, засварлахад орон нутгаас ихээхэн чамбай ажлуудыг хийсэн байна. Мэдээж хилчдийн эрүүл мэндийн асуудлаар аймгийн эрүүл мэндийн газар, аймгийн НЭ, сумдуудын эрүүл мэндийн төвүүд маш сайн ажилласан. Өнөөдрийн арга хэмжээгээр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд сум орон нутгийн удирдлага, ард иргэд хэрхэн хамтарч ажиллаж байгааг харуулсан том зөвлөлгөөн боллоо гэж үзэж байна” хэмээлээ.

Мөн зөвлөлгөөнд оролцсон Хилийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх:”Энэхүү аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөгөөнөөр манай ангитай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал бид улсын хилийнхээ хариуцсан хэсэгт 360 градусын харалттай, өдөр шөнийн камерийн нэгдсэн системийг нэвтрүүлэх асуудлыг тавьж, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аар оруулан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүллээ. Мөн шинжлэх ухаан технологийн дэвшил болсон нисгэгчгүй нисэх аппаратыг Алтанбулаг боомтын хэсэгт туршин нисгэх үйл ажиллагааг энэ 1-р улирлаас авч хэрэгжүүлэх боллоо. Бидний  үйл ажиллагаааг дэмжиж, тусалж ажилладаг аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн гишүүддээ талархсанаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ