ДЭМБ: Америк тивд 3-4 сая хүн "Зика" вирусийн халдвар авч болзошгүй

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-01-29 09:23:40

ВАШИНГТОН. /ВВС/. Энэ жил Америк тивд 3-4 сая хүн "Зика" вирусийн халдвар авч болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ урьдчилан таамаглажээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнхэд нь өвчний шинж тэмдэг илрэхгүй боловч шумуулаар дамжсан халдвар хүүхдэд тархины гажиг үүсгэдэг ажээ.

Мөн 2016 онд багтаан вакцин туршиж эхэлнэ гэж найдаж байгаагаа АНУ илэрхийлсэн байна.

Рио-Де-Жанейро хотод болох олимпын наадмын үеэр халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг авч байгаа гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах мэдэгджээ.

Халдвар хамгийн их тархаад байгаа Бразилд ирсэн тамирчид, зочдыг хэрхэн аюулгүй байлгах тухай зөвлөгөөг ОУОХ өгнө гэж тэрбээр мэдэгджээ.

"Зика" вирусийн халдварын тархалт газар авч байна. Үүнтэй холбогдуулан "Зика"-тай тэмцэх баг байгуулсан" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан мэдэгдэв.

Тус баг ирэх даваа гарагт хуралдаж, уг халдварыг олон улсын хэмжээний аюул гэж авч үзэх эсэхийг шийднэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ