АНУ-д цасан шуурганд 102.8 сая хүн өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-29 10:08:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн хүчтэй цасан шуурганд АНУ-ын 102.8 сая оршин суугч өртсөн бөгөөд нийтдээ 26 муж улсын 1.12 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан байна.

Дээрх гурван үзүүлэлтээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурга тус улсын зүүн хойд нутагт сүүлийн 66 жилд дөрөвдүгээрт орох хүчтэй шуурга болсон тухай АНУ-ын Далай тэнгис, агаар мандлын судалгааны газар мэдээлжээ.

Эхний байрыг 1993 оны гуравдугаар сард Миссисипи муж улсаас Мэн муж улс хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан “зууны шуурга” урьдын адил эзэлсэн хэвээр байна. Уг цасан шуурганд Америкийн 100 сая гаруй оршин суугч өртөж, 22 муж улсад хувийн эд хөрөнгөд 2 тэрбум долларын шууд хохирол учруулжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн цасан шуурганы улмаас 11 муж улсад амиа алдсан хүний тоо 52 болсон байна. Амиа алдсан хүмүүс бүгд зам тээврийн осолд орж, угаартаж, мөн цас цэвэрлэх үедээ зүрхний шигдээс болж амиа алджээ. Цасан шуурганы улмаас Жоржи, Теннесси, Алабама муж улсад цахилгаан эрчим хүч дамжуулах шугамд гэмтэл гарч, өнгөрсөн амралтын өдрүүдэд 127 мянга гаруй хүн гэрэл цахилгаан, халаалтгүй болсон байна.

Цасан шуурганы улмаас 2.5-3 тэрбум долларын хохирол учирч болзошүй гэж олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг урьд нь мэдээлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ