С.Цолмон: Ард иргэдийнхээ хичээнгүй зүтгэлийн үр дүнд аймагт ажлаараа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 15:09:19

Увс аймгийн “2015 оны Тэргүүний сум”-аар Тариалан сум шалгарлаа. Энэ тухай Тариалан сумын Засаг дарга Санжийн Цолмонтой ярилцлаа.

-Юуны өмнө Увс аймгийнхаа 19 сумыг хошуучилж 2015 оны ажлаараа аймгийн “Оны тэргүүний сум” болсон явдалд баяр хүргэе. Энэ амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Тариалан сумын иргэд угаасаа ясны хөдөлмөрч, ажилсаг ард түмэн. Аймагт ажлаараа 1-р байранд орсон явдал нь ард иргэдийн маань хичээнгүй зүтгэлийн үр дүн юм. Мөн 2015 онд Тариалан сумын түүхт 90 жилийн ой, Улсын тэргүүний цэцэрлэгийн 60 жилийн ой, Хархираа багийн 30 жилийн ой болсон. Эдгээр ойн далбаан дор сум, багтаа олон арван ажил хийсэн маань одоо үнэлэгдэж байна. Үүнээс гадна сумын удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайн, бие биенээ дэмжиж, мэдээллээ солилцож, тулгамдсан асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэж байсан маань энэхүү амжилтанд хүрэхэд нөлөөлсөн.

-Тэгэхээр 90 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Манай сум 1925 онд байгуулагдсан тэр мөчөөс хойш өдрөөс өдөрт цэцэглэн хөгжсөөр ирсэн. Түүхт 90 жилийнхээ ойгоор сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, түүхийг харуулсан цогцолборуудыг босгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон арван бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Наадам маань 3 өдөр үргэлжлэхэд наадмын өглөө бүр 2-3 ажлын нээлт хийж байсан нь бусад ой хийсэн сумдаас онцлог байлаа. Ойгоор хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд улсын төсвийн хөрөнгөөр юмуу, яам, санхүүгийн байгууллагын дэмжлэгээр нэг ч төгрөгний зарцуулалт хийгдээгүй. Ерөөсөө л хандив тусламж, нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хандив дэмжлэгээр энэ бүхнийг бий болгосон. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Улаангомд байгаа нутгийн уугуул суугуул иргэд, сум орон нутгийнхаа ард иргэдэд баярлаж талархсанаа энэ дашрамд хэлье.

Одоо манай сум руу яваад ороход өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг цагаан хаалга тосч, цаашлаад дэвссэн юм шиг замаар давхихад шинэ жилийн гацуур шиг гэрэл чимэглэлтэй, камертай, аюулгүйн тойрог бүхий гудамж угтдаг болсон. Наадмын талбайгаа шинэчилж давхар асартай болгон, гудамж талбай, айл өрхийн хашаа хороог цэгцэлж цэвэрлэлээ. Бий биелэгээ, икэл хуурын өлгий нутаг учраас бий биелэгээний хөшөө баримлыг босгож чадлаа. Энэ нь Монгол Улсад байхгүй хөшөө дурсгал болсон. Дэлхийн 2-р дайны үед гурван удаа фронтод яваад нутагтаа буцаж ирж байсан домогт бор морины хөшөөг босгосон. Увсын бор морь нутагтаа эргэж буцдаг түүхтэй юм гэнэ лээ. Ахмад дайчдынхаа гэгээн дурсгалд зориулж гэрэлт цамхаг барилаа. Монгол Улсын хэмжээнд Тариалан сум Дэлхийн 2-р дайнд явсан цэргийнхээ тоогоор гуравдугаарт бичигддэг. Манай сумаас 174 хүн дайны үед цэрэгт явж байсан. Цусан гавъяаны болон Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан дөрвөн хүн байгаа. Зарим нь толгойдоо сумтай ирж, түүнийгээ авахуулчихаад эргээд дайнд явж байсан түүхтэй. Тэр хүний гэргий өнөөдөр 100 нас давчихаад байна.

-“Оны тэргүүний сум”-аас гадна өөр олон өргөмжлөл та сая авч харагдлаа. Ингэхэд ямар шагналууд авсан бэ?

-Зөндөө олон шагнал авлаа. Соёлын төв маань аймагт ажлаараа тэргүүлж, “Аймгийн сайн малчин” 6 төрлөө. Мөн “Аймгийн аварга ногоочин”-оор П.Цэдэндамба тодорч, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн сумын ЗТДГ-ын даргаар манай Н.Хадаа дарга шалгарсан. Үүнээс гадна манай сумын Б.Найдан захиралтай “Алдар тулга” компани “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болоод байна.

-Зарим сумдад өвөлжилт хүндэрч эхлээд байна. Танай суманд өвөлжилт хэр болж байна вэ? 

-Манай сумын газар нутгийн 90-95 хувь нь цасан бүрхүүлтэй, зарим газраа 30-40 см зузаан цастай байгаа тул мал өвөлжихөд хүндрэлтэй тал ажиглагдаж байна. Одоогийн байдлаар 2-3 цэг дээр хүрч чадахгүй байна. Улсын фондоос 30 тн өвс, 30 тн тэжээлийн туслалцаа үзүүлсэнийг малчид болон мал бүхий өрхүүдэд хүргүүлсэн. Ирж яваа цаг дөхсөн болохоор гайгүй биз гэж бодож байна..

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?

-Увсчууд болон Тариаланчууддаа сар шинийн баярын мэндийг хүргэж, ирж буй бичин жилдээ элгээрээ энх амгалан  төрлөөрөө түвшин  амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ