НӨАТ-ын баримт хэвлэх төхөөрөмж 70-180 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 11:34:17

НӨАТ-ын урамшуулал, сугалааны хүрээнд ГТЕГ, МҮХАҮТ хамтран кассын машин болон НӨАТ-ын баримт хэвлэх программын үзэсгэлэн худалдааг энэ сарын 03-05-нд зохион байгуулж байна.

МҮХАҮТ-ын их танхимд болж буй уг үзэсгэлэнд кассын машин болон программ хангамж нийлүүлэгч 10 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

НӨАТ-ын баримт хэвлэх машин болон программ 2-4 сая төгрөгийн үнэтэй байна гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа талаар гомдол ГТЕГ-т ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд баримт хэвлэх төхөөрөмжийг 70-180 мянган төгрөг, дэлгэц болон мөнгөний хайрцагийн 649000-849000 төгрөгөөр борлуулж байна. Хар кассын программ сарын 15000-33000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Хуулийн дагуу кассын төхөөрөмжтэй аж ахуйн нэгжүүд зөвхөн программ худалдан авж суулгана. Харин кассын төхөөрөмжгүй аж ахуйн нэгжүүд төхөөрөмж болон программыг заавал худалдан авч, иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэн өгөх үүрэгтэй гэдгийг ГТЕГ-аас мэдээлсэн.

Улсын хэмжээнд нийт 34 аж ахуйн нэгж НӨАТ-ын баримт хэвлэх төхөөрөмж болон программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ