Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-03 16:54:23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоож, үүнээс 200 гаруй ордыг ашиглаж байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүссэн ба нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайнуудын ашиглалтын явцад ч ихээхэн хэмжээний хаягдал, овоолго хуримтлагддаг байна.  Иймд овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ