Х. Энхтайван:Багийн төвийг "амьд" байлгаж гэмээнэ малчдынхаа оролцоог идэвхижүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-03 17:23:31

Багийн төв нь өвс тэжээлийн агуулахтай, соёл олон нийтийн ажил зохион байгуулах иргэний танхимтай болж, Засаг дарга нь багийн төвдөө суурьшин малчдынхаа дунд ажиллаж байгаа сайн жишээ Сайхан- Овоо сумын Төгрөгт багт байна. Төгрөг багийн төвд Засаг дарга Х. Энхтайвантай уулзаж ярилцлаа.

- Хөдөөгийн ихэнх багийн төв хуучны барилгын үлдэцтэй, эзэнгүйдсэн байдалтай байдагийг би харж байсан. Харин танай багийн төв тэр дүр төрхөөс огт өөр юм.Сайхан- Овоо сумын бодлого багийн төвөө ингэж тохижуулахад чиглэж байна уу?

- Төрийн үйлчилгээг малчиддаа ойртуулахын тулд багийн төвүүдээ тохижуулах ажлыг манай сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө хийж байна. Манай сум 4 багтай. Сүүлийн хоёр жилд баг тус бүртээ 14 сая төгрөг зарцуулан өвс тэжээлийн агуулах барьж, малчдад өвс тэжээлийн нь цэгийг ойртуулж өгсөн бол өнгөрсөн онд манай Төгрөг багийн төвд мөн 14  сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёл олон нийтийн танхим барьж ашиглалтад оруулсан. Энэ онд мөн орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр хоёр сумын төвийг ийм танхимтай болгоно. Багийн төвийг “амьд” байлгаж гэмээнэ малчдынхаа оролцоог идэвхижүүлж, малчиддаа төрийн үйлчилгээг ойртуулж  чадна гэдэг үүднээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс сүүлийн жилүүдэд багт чиглэсэн хөрөнгө оруулалтыг ингэж хийж байгаа юм.

-  Та багийнхаа төвд амьдардаг юм аа?

- Тийм ээ. 2004 онд багийн Засаг даргын ажлыг хүлээн аваад л эндээ суурьшсан. Эхнэр маань багийн хүний эмчээр ажилладаг. Манай баг 158 өрхийн 514 хүн амтай. Тэдний 14 нь л сумын төвд амьдардаг, бусад нь малчид байдаг учраас малчиддаа төрийн үйлчилгээг хүргэх үндсэн үүрэгтэй ажилладаг хүн чинь тэдэнтэйгээ ойрхон ажиллах хэрэгтэй гэдэг үүднээс багийн төвдөө суурьшин амьдарсан нь энэ. Эндээ байшин бариад өвөл, зунгүй байдаг.

- Танай баг сумынхаа төвөөс хэр хол вэ?

- Алслагдмал оршдог шүү. Манай багийн айл өрхүүдээс сумын төвд хамгийн ойрхон нутагладаг нь  35 км- т, хамгийн хол нь 90 км зайтай.

- Харин багийн төв айл өрхүүддээ хэр ойр вэ?

- Айл өрхүүдийнхээ дунд, хаа хаанаа 20- 25 км зайтай.

- Ийм ойр учраас малчид багийн ажилд идэвхитэй оролцоно биз?

-Тэгэлгүй яахав. Багийн ИНХ сумын төвд болно гэхэд хаа байсан 90 км- ээс давхиж очихгүй.  Багийн төвдөө хурлаа зарлахад өрх бүрээс л төлөөлөл оролцоно. Ирц өндөртэй болдог, манай хурал. Олон нийтийн ажил зохион байгуулахад ч  идэвхитэй оролцдог. Харин одоо иргэний танхимтай болсон учраас илүү тохитой орчин бүрдээд байгаа.

-Багийн төвийн барилгыг хэзээ ашиглалтад оруулаа вэ?

-Өнгөрөгч наймдугаар сард ашиглалтад хүлээн авсан.

-Багийн иргэдийн санал байсан уу, ийм танхимтай болъё гэдэг нь...?

- Тийм ээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал авахад манай багийн иргэд багийн төв барих тухай нэгдүгээрт жагсаасан юм. Бусад багийн иргэд ч ийм санал хэлсэн. Тиймээс жил жилд зохих хөрөнгө оруулалтыг хийж, ээлж дараалан багийн төвөө тохижуулах ажил эхэлсэн.

- Өвс тэжээлийн агуулах баригдаад удаж байна уу?

-2014 онд барьсан.

- Одоо агуулахад хэдий хэр өвс тэжээл байна вэ?

- 400- аад боодол өвс, зуугаад шуудай тэжээл бий. Агуулах маань 600 боодол өвс хураах багтаамжтай. Энэ хэмжээний өвс намар татсан. Ойрноос өвс, тэжээлийн хэрэгцээ ихэссэн болохоор малчдын хөл татрахгүй байна.

- Энэ хавиар цас арай багатай юм аа?

-Манай энэ хэцийг дагаж арай дээр байгаа. Хойд ар руу орвол бут сөөг байдаггүй учраас цас их дарсан. Өвөлжилт хүндхэн болж байна. Зун, намартаа мал тарга хүч сайн авсан тулдаа өвлийн ихэнх хугацааг ажрахгүй давлаа.

- Оторчид олонтой юу?

- Оторчид өнөө жил манай сумыг л голдуу зорин ирсэн. Манай Төгрөг баг бараг хамгийн олон оторчидтой байгаа шүү.Оторчдыг хөөж тууж болохгүй гэдэг чиглэл аймаг, сумаас өгсөн байдаг тул аль болох нутаг бэлчээрийг нь зааж, зохицуулж өгч байна. Хавартаа малын бэлчээрээ хаана авч үлдэх үү гээд яах аргагүй зохион байгуулалт хийх шаардлагатай байдаг.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ