АСЕМ-ын уулзалтад зориулж хуягласан машин авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-03 17:23:56

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг Засгийн газар нэн яаралтай хэлэлцэх дэгээр УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад анх удаа ирэх 7 дугаар сарын 15-16-ны өдөр болно. Иймд улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгааг харгалзаж, АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө хүчээр шийдвэрлэх гарцыг хайж уг хуулийн төслийг боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл, уулзалтад ашиглах 300 гаруй автомашиныг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлагатай байгаа аж.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн уулзалтын үеэр түрээсийн машин ашиглах хувилбарыг судалж үзсэн эсэхийг тодруулсан. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн эл асуултад "Эхний ээлжинд 53 ширхэг цагдаагийн хөтөч машины урьдчилгаа төлбөрийг хийсэн. Үлдэгдэл мөнгийг хийх ёстой. Дээрээс нь төрийн хамгаалалтын албанд авах хуягласан 5 машин авах шаардлагатай. Одоогоор захиалга хийгдээд байна. Диллер компаниудтай харилцан ярилцсаны дүнд "МОННИС" компанитай гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч машин дутмаг байгаа. Хувийн хэвшлийнхээс машин ашиглах асуудал яригдаж болзошгүй. Гэхдээ улс орны имиж, дүр төрх гэж байдаг. Тиймээс машин жигд байх нь зүйтэй юм гэсэн хувилбарыг барьж ажиллаж байна" хэмээн хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Б.Туул

Холбоотой мэдээ