Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-04 13:49:26

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Тогтоолын төслөөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг ийн үргэлжлүүлсэн нь энэ юм. Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн  61.1 хувь нь дэмжсэн тул хууль батлагдлаа.  

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар талууд тогтоод буй.

Ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх боломжтой аж. Мөн  хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоох аж.

Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний  дагуу шинэчилж болно гэж хоёр тал тохиролцжээ.

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл үргэлжлэх юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ