Хөвсгөлд шинээр олдсон гэх агуйг нутгийн иргэд урьд нь мэддэг байжээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 11:55:22

Xөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт олдсон агуйг нутгийн иргэд бүгд мэддэг байсан боловч өв соёлыг хүндэтгэн гадны хүн амьтанд хэлдэггүй байжээ. Гэвч өнгөрсөн оны сүүлчээр 3 иргэн тус газар явж байгаад агуйтай таарч  шинээр олж нээсэн гэж мэдээлсэн гэнэ.

Агуйн тухай Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга Н.Баатар-Очироос тодруулахад “Рэнчинлхүмбэ сумын нутагт Даяндээрхийн агуй шиг том агуй байгаа нь үнэн. Гэхдээ саяхан олдсон гэж цахим ертөнцөөр мэдээлж байгаа нь эндүүрэл, нутгийн иргэд бүгд мэддэг байсан бөгөөд  өнгөрсөн оноос л зарим хүмүүс агуйг ил болгосон юм билээ.  Бид Рэнчинлхүмбэ сумын соёлын өв хариуцсан мэргэжилтэн  болон байгаль хамгаалагч нарыг явуулж үзүүлсэн. Тус агуй дотроо маш том төдийгүй нууртай, маш олон салаа хонгилтой бөгөөд баруун гар тал руугаа огцом уналттай хүн орж болохооргүй гэнэ.  Харин зүүн тал руугаа барагцаалбал 25 км явж байж мухарт нь очдог юм билээ. Агуйн  талаар олон нийтэд мэдээлсэн  иргэдээс Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт бичиг ирүүлсэн байсан. Цаашид ажлын хэсэг гарч агуйг судлах, хамгаалалтанд авах талаар Засаг даргын шийдвэр гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой”-г хэлж байлаа. Мөн агуйд байгаа хүний яс жирийн хүнийхээс хамаагүй том, урт мөчтэй, хувцас хэрэглэлийн үлдэгдэл ч байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ