“Олон үндэсний уламжлалт бөхийн төрөл” сэдэвт чуулган болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-15 09:51:52

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос Туркийн бөхийн холбоотой хамтран тус улсын Стамбул хотод олимпийн наадмын хөтөлбөрт ороогүй “Дэлхийн олон орны үндэсний уламжлалт бөхийн төрөл”-үүдийн сэдвээр хоёр өдрийн чуулга уулзалтыг өнгөрсөн 7 хоногт зохион явуулсан юм.

Чуулга уулзалтаар бөхийн үндэсний уламжлалт төрлүүд бий болсон түүх, хөгжил, тэдгээрийн төсөөтэй талууд, бөхийн олон төрлөөр тэмцээн зохион явуулж байх эсэх асуудлыг хэлэлцжээ. ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович тус чуулга уулзалтын ач холбогдлыг үнэлж “Бөхийн олон төрлүүдийг хэлэлцэхээр Стамбулд цугларсандаа бид баяртай байна. Бөхийн хамтын нийгэмлэг өрсөлдөөн гэдгийг сайн мэднэ, бөхийн уламжлалт төрлүүд нь бөхийн спортыг тууштай сонирхогчдыг нэгтгэх талбар болно” хэмээн онцлов.

Чуулга уулзалтанд таван тивийн 30 гаруй орны төлөөлөгчид оролцож уламжлалт бөхийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Мөн ДБНХ-ны Бүстэй барилдаан, Панкратион, Грэпплинг бөхийн төрлийн хороодоос үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж Бүстэй барилдааны хорооноос зөвлөмжийн агуулгатай дүрмийн танилцуулгыг хийсэн юм.

ДБНХ-ны Товчооны гишүүн, бөхийн янз бүрийн төрлүүдийн хорооны дарга, ХБНГУ-ын иргэн Карл-Мартин Диттман чуулга уулзалтыг хааж үг хэлэхдээ “Олон орны бөхийн үндэсний уламжлалт төрлүүдийг дэлхий даяар хөгжүүлэх олон боломж бий. Хоёр юм уу дөрвөн жилд Дэлхийн бөхийн наадмыг зохион байгуулж баяр тэмцээн бусад арга хэмжээг зохион явуулж байх саналыг дэвшүүлж байна. Бид бөхийн янз бүрийн төрлийг хөгжүүлэхийн төлөө байгаа.” гэж онцлон дурджээ.
Чуулга уулзалтын үеэр дараах сэдвээр танилцуулга хийсэн юм.

Тухайлбал: 1. “Бүстэй барилдаан”, Гинутас Виллета, Латви
2. “Грэпплинг барилдаан”, Ризван Боскаев, ОХУ
3. “Панкртаион барилдаан”, З.Исаев, ОХУ
4. “Казахын кураш барилдаан”, С.Марат Оразбаевич, Казахстан
5. “Оросын кореш барилдаан”, Фарид Акмадиев
6. “Бүстэй болон узбекийн кураш барилдаан”, Н.Юсупов, Узбек
7. “Ираны пахлавани барилдаан”, Фарназ Парнал, Иран
8. “Украиний бүстэй барилдаан”, Геннадий Артузов, Украин
9. “Сенегал бөхийн барилдаан”, Алиун Капп, Сенегал
10. “Гоурен барилдаан”, Орли Эпрон, Франц
11. “Монгол үндэсний бөх”, Б.Батбаяр, Монгол
12. “Казахын туузтай барилдаан”, Рафик Велиев, Казахстан
13. “Якут үндэсний хапсагай барилдаан”, Пётр Усманов, ОХУ
14. “Зимбабвагийн уламжлалт барилдаан” Тапива Масинире, Зимбабве
15. “Туркийн уламжлалт барилдаан”, Мехмет Эмин Бей

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ