“Оюу Толгой” компани 57 сая ам.долларын ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-15 18:10:28

“Оюу Толгой” компани өнгөрсөн онд 1.64 тэрбум ам.долларын орлого олж, 57 сая ам.долларын ашигтай ажилласан талаар өнөөдөр тус компани мэдээлэв.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасантай холбогдуулан тус компанийн орлого 2014 оныхоос 7.3 хувиар буурчээ. Өнгөрсөн онд “Оюу Толгой”-н зэсийн үйлдвэрлэл 2014 онтой харьцуулахад 36 хувиар өсч, үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрсэн байна. Түүнчлэн зардлаа танаж, үр ашгаа дээшлүүлснээр хагас тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгожээ. Өнгөрсөн онд “Оюу Толгой”-ийн хувь нийлүүлэгчид далд уурхайн 6 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, улмаар төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан юм. Эхний байдлаар банкуудаас 4.4 тэрбум ам.доллар татахаар тохиролцоод байгаа бол үлдсэн санхүүжилтийг тус компанийн чөлөөт мөнгөн урсгалаас гаргахаар төлөвлөж байгааг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэлдээ дурьджээ.

Харин “Rio Tinto” группийн хэмжээнд түүхийн эдийн ханшийн уналттай холбоотойгоор үндсэн ашиг нь хоёр дахин буурсан дүнтэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн 2015 онд “Rio Tinto” группийн орлого 12.8 тэрбум ам.доллараар буурч, 34.8 тэрбум ам.доллар болсон бол үндсэн ашиг нь 4.5 тэрбум ам.доллар болж буурчээ. Тус компани үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлснээр түүхий эдийн ханшийн уналтын нөлөөг бууруулж чадсан гэж тайландаа мэдэгдэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ