Шинзо Абэ энэ жил Иранд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-16 10:31:15

ТЕГЕРАН. /IRNA/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ жил Иранд айлчилна гэж тус улсын Нефтийн сайд Бижан Зангенех мэдэгдэв.

Тэрбээр Японы Гадаад хэргийн дэд сайд Катсуюки Каваитай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийсэн байна.

“Нефть боловсруулах, нефть-химийн үйлдвэрлэл, хамтарсан хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт зэрэг салбарт Иран-Японы хамтын ажиллагааг бий болгох суурийг бэлтгэж байна. Иранд авсан хориг арга хэмжээг цуцалснаар хоёр улсын харилцаанд ихээхэн дэвшил гарна” гэж тэрбээр мэдэгдээд, Иран Японтой урт хугацааны харилцаатай байсан бөгөөд одоо хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх хүсэлтэй байгаагаа онцолсон байна.

Харин Японы Гадаад хэргийн дэд сайд Катсуюки Каваи, Иран болон Японы Засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч хориг арга хэмжээний улмаас хоёр улсын аль хэдийн байгуулсан хэлэлцээрүүд хэрэгжихгүй байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ