Яагаад ОХУ Монголын өрийн 97 хувийг цайруулав?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-16 14:41:14

ТОКИО. /Thediplomat/. Монголын өрийн дийлэнх хэсгийг зохицуулах ОХУ-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ-ын парламентын дээд танхим баталсан байна. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын өрийг цайруулах уг хуулийг баталж, хүчин төгөлдөр болгожээ.

Монголын төлөх ёстой өрийн хэмжээ 174.2 сая доллар болсон гэж Оросын "ТАСС" агентлаг мэдээлэв. Монголын төлөгдөөгүй өрийн 97 хувийг Орос энэ хуулиараа цайруулж байна.

2006 онд рублийн ханшийг хувиргасан болон ЗХУ задарсны дараа бий болсон өрийн тухай хэлэлцээний үеэр гарсан хүндрэлийг иш татангаа ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак, “Энэ нь байхгүй валютаар илэрхийлэгдсэн өр учраас зээлдэгч, тийм валют байгаагүй тул өр гэж байхгүй гэсэн асуудлыг тавих боломжтой. Энэ тохиолдолд бид одоо байгаа мөнгөн нэгжээр дахин тооцохоор тохиролцсон” гэж мэдэгджээ.

Монголын өрийг цайруулах асуудал удаан хүлээгдсэн бөгөөд 1990-ээд оны үед хоёр улсын харилцаанд томоохон саад учруулж байжээ. Монгол Улс ЗХУ-аас их хэмжээний зээл авсан бөгөөд 2000 оны эхээр Монголын өрийн хэмжээ 10 орчим тэрбум доллар болсон гэж “Standard and Poor’s” байгууллага мэдээлсэн байна. Харин 2004 онд ОХУ, Монгол хэлэлцээр боловсруулж, ЗХУ-аас авсан 11.4 тэрбум шилжих рублийн өрийг Монгол төлөхөөр тохиролцжээ.

Харин 2010 оны долдугаар сард хийсэн хоёр талын хэлэлцээний үр дүнд Монголын тал өрөө 3.8 сая долларын нэг удаагийн төлбөрөөр барагдуулах тохиролцоонд хүрч, ОХУ-ын хөрөнгө оруулалтын урсгалыг татсан юм. "ТАСС" агентлагийн мэдээлснээр, “2010 оны долдугаар сард хийсэн хоёр талын хэлэлцээний үр дүнд Монголын талын 163.7 сая шилжих рублийн өрийг болон 10.5 сая клирингийн долларыг 3.8 сая долларын нэг удаагийн төлбөрөөр барагдуулах тохиролцоонд хүрч чадсан байна.”

ЗХУ-ын үеийн асар их хэмжээний өрийн асуудлыг зохицуулах нь өнгөрсөн хоёр жилд ОХУ-ын зохицуулах ёстой гол асуудлуудын нэг байлаа. Хүйтэн дайны үед ОХУ-ын хэрэглэгч, түнш байсан орнууд, тухайлбал, Сири, Куба, Ирак, Умард Солонгос, Ливи, Афганистан зэрэг орны өрийн асуудлыг Орос эцэслэн шийдвэрлэсэн байна. Гэвч өрийн эдгээр асуудлаас тусгайлан Монголын өрийн асуудлыг зохицуулах нь хөрш хоёр улсын худалдаа болон стратегийн харилцаанд чухал нөлөөтэй юм.  ОХУ болон БНХАУ-ын дунд хавчигдсан Монгол нь ОХУ-тай худалдааны чухал харилцаатай билээ.

Москва болон Улаанбаатарын хоёр талын харилцаа хэлбэрэлтгүй сайжирч байгаа бөгөөд бараг 5 жилийн өмнө тохиролцсон өр цайруулах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хоёр талын харилцаа улам бэхжих ёстой. Энд тэмдэглэхэд, дэлхийн нефтийн ханш өндөр, ОХУ-ын төсөвт дарамт бага байх үед ОХУ өр цайруулах хэлэлцээрийг Монголтой байгуулахаар шийдсэн билээ. Гэвч эргээд харахад, ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд буурч, төсөвт нь дарамт учирсан бөгөөд энэ сөрөг үзүүлэлт 2016 онд үргэлжлэх төлөвтэй байгаагаас үзвэл өрийг цайруулах хэлэлцээр ОХУ-ын талд ямар ч ашиггүй мэт харагдана.

Гэхдээ энэ нь ОХУ-ын талд мөн эерэг боломжуудыг нээж өгсөн юм. Монгол нь боловсруулсан нефть буюу шатахуун их хэмжээгээр импортолдог орон. 2013 оны байдлаар Монголын нийт импортын 22 хувийг боловсруулсан нефть эзэлж байсны 76 хувийг ОХУ-аас авсан байна. Үүнээс гадна, Монголын ОХУ-тай хийж буй худалдааны тэнцэл сөрөг гардаг. Тодруулбал, 2013 онд Монгол 56.2 сая долларын бүтээгдэхүүн ОХУ руу экспортолж, тус улсаас 1.54 тэрбум долларын бүтээгдэхүүн импортолсон байна. ОХУ-ын төрийн болон хувийн компаниудын хувьд Монгол Улс асар их боломж мэт харагдаж байна гэж “The Diplomat” сэтгүүлийн редактор Анкит Панда бичжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ