Хүний яс, булчин хэвлэдэг 3D-хэвлэгч бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-16 15:09:04

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн биологийн инженерүүд хүний яс, гар, чих, болон тулгуур эсийн тусламжтайгаар ургуулсан мөгөөрс, мөн тусгай полимер загваруудын бүрэн хуулбарыг “хэвлэх” боломжтой 3D-биохэвлэгч бүтээж, амжилттай туршжээ. Энэ тухай “Nature Biotechnology” сэтгүүлд гарсан нийтлэлд мэдээлсэн байна.

“Эд эс, эрхтнийг хэвлэдэг энэ техник нь маш чухал бөгөөд өвчтнүүддээ зориулж “сэлбэг”-эрхтэнүүдийг бэлдэх боломж олгох технологи бүтээхэд маш чухал алхам болж байгаа юм. Одоо бид хүний бүрэн бүтэн эд эрхтэн хэвлэх боломжтой боллоо. Цаашид энэ технологи нь хүний биед шилжүүлэн суулгахад тохиромжтой эд эс, эрхтэн “хэвлэхэд” бидэнд тусална” гэж АНУ-ын Уэйк-Форестийн их сургуулийн Нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Энтони Атала ярьжээ.

Тулгуур эсээс эсвэл “бүрэн боловсорсон” эсээс эрхтэн ургуулахад учирч буй гол саад бэрхшээлүүдийн нэг  бол тэдгээрийг зөвхөн нимгэн давхаргаар “хэвлэх” боломжтойд байгаа аж. Эрдэмтдийн ярьснаар, эсийн давхаргын зузаан нь 200 микрометр давсан тохиолдолд тэжээллэг бодис болон хүчилтөрөгч судасгүйгээр ийм гүнд нэвтэрч чаддаггүй учир эд эс үхэж эхэлдэг байна.

Эрдэмтэд эсийг давхаргыг хооронд нь бага зэргийн зурвас гэрэлтэй байхаар өрөх боломжтой тусгай полимерыг гарган авч, энэ асуудлыг шийдсэнээр яс, булчин эсвэл мөгөөрс нь тэжээллэг бодис, хүчилтөрөгчийн дутагдалгүйгээр ургах боломжтой болжээ.

Эрхтнийг “хэвлэсний” дараа эрдэмтэд хулгана, түүгээр барахгүй хүний биед суулгадаг бөгөөд судасууд нь аажмаар ургаж, харин полимер нь аажмаар задарч алга болдог байна. Эцсийн дүндээ бэлдэцийн оронд зохих гурван хэмжээст хэлбэр болон эсийн бүхий л төрөлд шаардлагатай бүрэн бүтэн эрхтэн бий болдог аж.

Биологичид үзүүлэнгийн хувиар тулгуур эс ашиглан хүний доод эрүүний ясыг ургуулж, мөн чихний бүрэн бүтэн дэлбэнг “хэвлэжээ”. Эрхтнүүдийг хулганы биед суулгасан бөгөөд амжилттай зохицсон байна.

Одоогоор энэ технологийг анагаах ухаанд хэрэглэхэд бэлэн биш байгаа бөгөөд клиникийн туршилтаар шалгах ёстой. Гэхдээ Атали болон түүний хамт олон эмнэлгийн практикт хурдан нэвтрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ